Шуурхай мэдээлнэ

ДЭЛХИЙН УЛСУУД ТАХАЛЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭН ХӨНГӨН ЯЛТАЙ ХОРИГДОЛУУДАА СУЛЛАЖ ЭХЭЛСЭН НЬ МОНГОЛЫН ШОРОНД Ч НАЙДВАР ТӨРҮҮЛЭЭД ЭХЭЛЖЭЭ

“Ковид-19” цар тахалын үеэр хянахад бэрхтэй, бохир нөхцөлтэй, нэг дор олон хүнийг бөөгнөрүүлсэн газар бол шоронгууд юм. Тиймээс хамгийн түрүүнд Иран улс титэм вирусын халдвар ихсээд эхэлмэгц 10 мянган хөнгөн ялтай хоригдолыг хугацаанаас нь өмнө суллан гэр лүү нь явуулсанаар “Тахалын өршөөл” гэгчийг эхлүүлсэн юм. Дараа нь Өмнөд Солонгос улс ч мөн адил хөнгөн, анхны хэрэгтэй ялтануудаа суллаж 7000 орчим хүнийг наранд гаргасан. Үүний дараа халдвар идэвжхсэн европын улс орнууд ч энэ жишгийг дагаж цар тахал тэжээгдэн тарахад тохиромжтой шоронгуудынхаа ачаалалыг хөнгөлж Франц гэхэд л 12 мянган хүнийг сулласан бол араас нь Итали мөн, Герман улсууд ч ийм арга хэмжээ аваад эхэлжээ.

Тэгвэл Өмнөд Америкийн зарим улс орнууд ч энэ жишээг дагаж эхэлсэн бөгөөд саяхан Бразил улс томоохон шоронгуудаасаа 28 мянган анхны хөнгөн хэрэгтэй хүмүүсийг сулласан мэдээлэл Колумба улсын хэд хэдэн хориход бослого үймээн гаргаж орголт хүртэл дэгдэхэд нөлөөлсөн байна. Нэгэнт л цар тахлаас хамгаалж чадахгүй бол тэдгээр ялтан хоригдолууд өөрсдийнхөө амь насны төлөө эрслэн босоход хүрнэ гэсэн үг.

Тэгвэл гадаададын шоронгууд хөнгөн ялтай хүмүүсээ өршөөн, шоронгийн ачаалалыг хөнгөлж буй энэ үед тэр тухай мэдээлэл Монголын шоронгуудын дунд ч бас “Өвчин тахалын өршөөл” тусчаж мэднэ гэсэн итгэл найдварын буухиа болон тархаж амжаад байгаа ажээ. Шоронгийн ажилтанууд ч гэсэн үй олон хүнтэй өдөр болгон харьцаж өөрсдөө ч халдвар тусах эрсдлээс эмээн болгоомжилж байгаа нь гарцаагүй. Ийнхүү цар тахал олон улсын ял шийтгэлийн бодлого, гэм бурууг нь хүлээлгэн биеээр эдлүүлэх явдалд ч гэсэн далдуур нөлөөгөө үзүүлээд эхэлжээ

Сэтгэгдэл
Уншиж байна...