Шуурхай мэдээлнэ

ТОКИОГИЙН ОЛИМП ХОЙШЛОГДЛОО

Олон улсын нийгэмлэг, спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан Токиогийн олимпийг цуцлах эсэх тухай асуудал өчигдөр шийдэгджээ. Зохион байгуулагч улс болох Япон улсын Засгийн газар, японы ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай зөвшилцсөнөөр Токиогийн олимпийг ирэх он хүртэл хойшлуулахаар болсон байна.

Токиогийн зуны олимпийн наадам 7-р сарын 24-нд эхлээд 8-р сарын 9-ний өдөр дуусах байсан. Мөн 8-р сард нь паралимпийн наадам зохион байгуулагдах ёстой байсан. “Коронавирусийн халдварын улмаас Дэлхийн 196 орчим улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн, яах аргагүй тамирчид, хөгжөөн дэмжигчид, иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал, онцгой нөхцөл байдал үүссэний улмаас бид Олимпийн наадмыг хойшлуулахаас өөр аргагүй” гэсэн тайлбар хийсэн байна.

Ерөнхий сайд Абэ Шинзогийн хувьд 2 долоо хоногийн өмнө Олимпийн наадмыг хойшлуулах эсэх тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Япон улс Зуны олимпийг зохион байгуулахад бэлэн байна. Бэлтгэл бүрэн хангагдсан” гэж хэлжээ. Олон улсын олимпийн хорооны зөвлөл ч гэсэн энэ асуудлаар хуралдсан. Олимпийн наадмыг одоогоор хойшлуулах юмуу цуцлах тухай асуудал яригдаагүй гэж Томас Бах хэлж байжээ.

Дэлхийн хэмжээний цар тахал болсон, халдварын тохиолдол барууны өндөр хөгжилтэй орнуудад огцом эрчимтэй нэмэгдэж байгаа учраас ийнхүү Токиогийн Олимпийг ирэх он хүртэл хойшлуулахаар болсон байна. Зохион байгуулах хорооны мэдээллээр бол ирэх 2021 оны зунаас хэтрүүлэлгүйгээр олимпийн наадмыг зохион байгуулна. Харин нэрийг нь бол өөрчлөхгүй, “Токио-2020” гэдэг нэрийнхээ хүрээнд Зуны олимп болон Паралимпийн наадмыг зохион байгуулахаар болсон гэж мэдээлжээ.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...