Шуурхай мэдээлнэ

БНАСАУ “АВАРГА ТОМ” ПУУЖИН ХӨӨРГӨГЧ ТУРШЖЭЭ

Умард Солонгос (БНАСАУ) өчигдөр улсынхаа зүүн Вонсан боомтын бүсээс ойрын тусгалтай хоёр пуужинг харваж туршсан байна. Энэ хоёр пуужин нь 50 км-ын өндөрт, 410 км замыг туулж Японы тэнгист унажээ. Умард Солонгосын орон нутгийн цагаар Даваа гаригт супер том пуужин хөөргөгчүүдийг туршсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын (БНСУ) тал үүнийг зэмлэн буруутгаж “Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ хүнд цаг мөчид пуужингийн туршилт хийх нь маш зохисгүй үйлдэл байна. Цаашдаа энэ үйлдлээ зогсоогооч!” гэсэн мэдэгдлийг хийсэн байна.

БНАСАУ-ын тал “коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” гэж байгаа боловч үүнд нь экспертүүд эргэлзэж байгаа тухай гадны эх сурвалжууд онцолжээ.

Энэ удаагийн туршилт нь Умард Солонгосын энэ сард хийсэн найм, ес дэх туршилт болж байгаа ба ганцхан сарын дотор хамгийн олон пуужин туршсан тохиолдол болж байна гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд бичжээ. Мөн энэ пуужингууд урьд өмнө харж байгаагүй шинэ пуужингууд байсан талаар ч албаныхан мэдээлсэн байна.

Энэ оны эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Цөмийн болоод холын тусгалтай пуужингийн туршилтаа зогсоож байна” гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “Дэлхий ойрын ирээдүйд шинэ стратегийн зэвсгийн гэрч болно” гэсэн заналхийллийг дэлхий нийтэд хандан хэлжээ.

Тус улс хамгийн сүүлд 2019 оны 11-р сард “супер хүчтэй” баллистик пуужингийн туршилт хийсэн гэдгээ мэдэгдсэн ба өнгөрсөн 5-р сараас хойш ойрын тусгалтай баллистик болон бусад пуужингийн хэд хэдэн туршилтыг хийжээ. Мөн өнгөрсөн оны 12-р сарын эхээр “супер хүчтэй” калибрын пуужингийн туршилт хийж, түүнийгээ амжилттай болсон гэж тухайн үед зарлаж байв.

Харин АНУ-ын хувьд БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн ангижирсан нөхцөлд л тус улсыг хориг арга хэмжээнээс гаргана гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...