Шуурхай мэдээлнэ

АЛТ ба МОНГОЛ

Алт гэдэг нь Менделеевийн үелэх системийн 79 дэх элемент. 11000-т хайлдаг. Au гэсэн тэмдэглэгээ бүхий Aurum гэдэг үгний товчлол. Орчуулбал “Нарны туяа” гэсэн утгатай.

Алтыг яагаад хүн төрөлхтөн дээдэлдэг вэ?

Мандан бадрахын бэлгэдэл, наран ургах гэх утга агуулгатай. Монголчуудын хувьд “галын дөл өөдөө” гэдэг утгаар галтай зүйрлэж үздэг. Хүний сэтгэл татахуйц нүд гялбам өнгөтэй. Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл, алт урам зоригийг бадраах, урагшлах эрч хүчийг өгдөг гэж үздэг.

Шижир алт гэж байдаг. Энэ нь 999.9 сорьцтой буюу 1 кг алтны 999.9 гр нь алт, үлдсэн 0.001 гр буюу маш бага хэмжээний өөр металл байна гэсэн үг. Ийм алтны нягт нь 20гр/см3. 1см3 гэдэг бол уртаараа 1, өргөнөөрөө 1, өндрөөрөө 1 гэсэн шоо, дотор нь 20 гр алт ордог гэсэн үг. Тэгвэл 1см3-д 20гр алт ордог бол 1м3-д 25гр алт орно.

Өнгөрсөн 2018 онд Монгол улс 20 тонн алт худалдлаа, энэ нь рекорд амжилт байлаа гэж ярьсан. Гэхдээ энэ нь цэвэр биш, бохир алт л даа. Өөрөөр хэлбэл сорьц нь янз бүр гэсэн үг. Энэ 20 тн бохир алтыг цэвэршүүлээд шижир алтан гулдмай болгох юм бол 20 тн-оос багасаад 16-18 орчим тонн болно. Энэ нь ойролцоогоор 700 сая орчим доллар болно гээд бодохоор алт гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдэг нь харагдаж байна.

Жишээ нь, алтыг нүүрстэй харьцуулж үзье. Нэг вагон нүүрс хэр том бэ гэдгийг бид мэднэ. Нэг вагон нүүрсийг дунджаар 60 тн гэж үзээд, үүнийгээ 100 доллараар зарчихлаа гэж бодъё. Нэг вагонд 60 тонн нүүрс багтлаа гэхэд 1 тн нүүрс 6000 доллар. Харин 1м3-д байгаа алт 600-700 сая доллар байх нь.

Эндээс харахад алт бол тээвэрлэхэд жижигхэн, овор хэмжээ багатай гэдэг утгаараа давуу талтай байдаг. Мөн дээрээс нь алт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хатуу валют. Төгрөг, доллар, евро… гээд бүгд цаасан эдийн засагт орно. Тэгэхээр энэ дэлхий дээр бүхэлдээ цаасан эдийн засаг явагдаж байна гэсэн үг. Цаасан эдийн засгийг банкууд хүсвэл хэвлэж болно. Ийм эдийн засгийн орчинд маш хязгаарлагдмал шавхагддаг нөөц бүхий алт нөгөө талд нь байна. Тэгэхээр цаасан мөнгө хэвлэгдээд, цаасан мөнгө үнэгүй болох тусмаа алтны үнэ цэнэ өснө гэсэн үг. Энэ нь ч түүхээр харагддаг. 1975 онд 1 унц алт 30 доллар байсан (1 унц алт 31 гр). 2008 он (хямралын үе байсан) гэхэд 700 доллар болсон. Өнөөдөр буюу 2020 онд 1600 доллар болсон байна. Цаашдаа 2500 болно гэсэн таамаглал явж байна. Гэвч энэ мэдээлэл баталгаатай биш боловч үгүйсгэх аргагүй юм, учир нь байнга өсөлттэй явж байгаа билээ.

Алтаар юу хийж болох вэ?

  • Алт бол их уян хатан, зөөлөн. 1 унц алтаар 80 км утас хийж болно (нарийхан).
  • Хавтгайлж нимгэлээд 9м2 талбай бүхий хавтан хийж болно (3м, 3м-ийн талбайг бүрхэх).
  • Хоолонд хийж болно (Азийн орнууд шингэн уух зүйлдээ хийж хэрэглэдэг. Ходоод гэдсэнд их сайн гэж ярьдаг).
  • Алт бол маш сайн дамжуулагч гэдэг утгаараа электрон бараа, анагаах ухааны тоног төхөөрөмжинд байнга орж байдаг орц материал болдог.

Гэх мэтээр алт гэдэг бол ийм сонин өвөрмөц шинж чанартай үнэт металл байх нь. Нэг талаасаа үнэт металл, нөгөө талаасаа валют. Доллараас ч хатуу валют. Учир нь доллар хэвлэгдээд байхад л алтны үнэ өсөөд байдаг.

Дэлхий дээр жил бүр ямар хэмжээний алтны эрэлт, нийлүүлэлт байдаг вэ?

  • Алтны 50 гаруй хувь нь үнэт эдлэлийн эрэлт (алтан зүүлт, хэрэгсэл),
  • Нийт эрэлтийн 8% нь технологийн эрэлт (электрон бараа, тоног төхөөрөмжийн хэрэгсэл),
  • 28% нь инвенсмент буюу биет алтан гулдмай хэлбэрээр (биетээр хөрөнгө оруулалт хийгээд байна гэсэн үг),
  • 10% нь Централ банк, алтаар баталгаажсан сангууд (энэ бол санхүүгийн таталцах талаасаа валютын хэлбэрээр, хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглаад байна гэсэн үг). Энэ мэтээр дэлхийд жилдээ 4500 орчим тонн алтыг хэрэглэдэг гэсэн тооцоо гардаг.

Хамгийн их алтны нөөцтэй орон бол Америк, Герман… гэх мэтээр явдаг. Манай улсын хувьд алтаа гадагш нь гаргаад, зараад байдаггүй бол боломжийн нөөцтэй байх бололцоотой улс. Азидаа үйлдвэрлэлээрээ эхний 5-д ордог үйлдвэрлэгч улс билээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс алтыг маш ихээр олборлож байна. Алтаа олборлоод арилжааны банкуудад худалддаг. Арилжааны банкууд нь Монгол банк руугаа зардаг. Монгол банк нь цаашаа экспортонд гаргаад доллар болгодог. Ийм л процесс Монголд явж байна.

Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш их алт олборлоод бүгдийг нь л гадагшаа зараад байна. Энэ цаг хугацааны явцад алтны нөөц мэдээж дуусна. Нөөц дууссан үе буюу 30, 40 жилийн дараа алт гэдэг зүйл Монголд байхгүй болно. Энэ үед хүмүүс “Монголд алт байсан юм гэнэ лээ” гэж ярина. Өөрөөр хэлбэл, хойч үед маань алт байхгүй болно. Энэ бол маш гунигтай зүйл.

Ийм учраас Монгол банк өнгөрсөн жилээс эхлэн 1 унц буюу 999 сорьцтой алтан гулдмай гаргасан. Энэ нь хүмүүсийн таашаалд их хүрч байгаа. Ерөнхийдөө энэ бүтээгдэхүүний гол утга агуулга, консевц нь юу вэ гэхээр, энэ алтан гулдмайг авсан хүн насан туршдаа хадгалж, үе дамжиж үлдээдэг байвал энэ нь Монголд алт байсны гэрч болох юм л даа.

Олон улсад бол олборлосон алтаа гаргахгүйгээр дотроо хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд нь алтыг биет бусаар хоорондоо арилжаалж, олон улсын алтны ханшийг өсгөөд, тэндээсээ өөрсдөө ашиг хийдэг ийм системтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хоёрдогч зах зээл гэсэн үг. Манай улсын хувьд, компаниуд олборлоод арилжааны банкинд авчирч өгнө, арилжааны банк нь Монгол банкинд өгч, Монгол банк цааш нь экспортонд гаргана гэх маягаар нэг шугамаар явсаар байгаад Монголын алт гадагшаа гараад явчихаж байгаа юм. Үүнийг Анхдагч зах зээл гээд бодоход Хоёрдогч зах зээлийг бий болгохын тулд Арилжааны банкууд алтаа авсан бол түүнийгээ буцаагаад алтанд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст (ийм монголчууд олон болж байгаа) худалддаг ийм хоёрдогч зах зээлийн боломжийг нээгээд өгөх хэрэгтэй. Ингэж алтыг дотроо эргэлдүүлээд байвал үр ашиг нь их болж эхэлнэ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш цөөхөн оролцогч энэ Алтны зах зээлээс ашиг хүртэж байна. Алтанд хөрөнгө оруулалт хийхийг сонирхож байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд, ихэнх масс бол тоглоомын гадна үлдчихээд байгаа юм. Хэрвээ үүнийг дотроо эргүүлээд эхлэх юм бол жинхэнэ утгаараа баялгаасаа үр шимийг хүртэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулинд заасанчлан Монголын баялаг бол ард түмний өмч, иргэн бүр баялгийн эзэн гэсэн санаа жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэсэн үг.

Манай улс бол Азидаа эхний 5-д ордог олборлогч улс гэж дээр дурдсан. 1999 оноос 2019 оны хооронд 246 тонн алтыг олборлон Монгол банкинд худалдаж, Монгол банк цааш нь олон улсын зах зээл дээр зарсан байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хувьд алт нь валютын нөөц бүрдүүлдэг томоохон хэрэгсэл байдлаар ашиглагдаж байна. 2019 оны Монгол улсын гадаад худалдааны статистикийг харвал 418 сая долларын алтыг экспортложээ. Энэ утгаараа алтыг валютын нөөц болгож ашиглаж байна.

Хэрвээ хоёрдогч зах зээлээ хөгжүүлэх юм бол долларыг орлохуйц хэмжээний хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох юм. Өөрөөр хэлбэл, “доллар өслөө” гэж сандрахын оронд алтаа худалдаж аваад, алтны ханшийн өсөлтөөр доллараасаа илүү их ашиг хийх боломжтой гэсэн үг.

Бэлтгэсэн Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...