Шуурхай мэдээлнэ

2 хоногийн дотор 200 мянган хүн олимпийг эсэргүүцэж, нэгдэв

Токиогийн олимпийг цуцлах онлайн гарын үсэг цуглуулах аян эрчийг аваад эхэлжээ. Change.org сайт дээр өнгөрсөн Лхагва гаригт энэхүү гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлсэн бөгөөд хоёр хоногийн дотор 200 мянга гаруй хүн нэгджээ.  Энэхүү олимпийг цуцлах өргөдөл нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах болон Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга нар болон бусад албаны хүмүүст хаяглагджээ.

Гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлсэн хуульч Кэнжи Үцүномияа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын одоогийн нөхцөл байдлыг харахад бид аюулгүй олимпийн наадам зохион байгуулах магадлал бага байна. Токио болон Япон улсын эм эмнэлгийн нөөц дутмаг байна. Олимпийн наадам ямар нөхцөлд зохион байгуулагдах гэж байгааг бид тамирчдад, ажилчдад, хотын оршин суугчдад, эрүүл мэндийн ажилчдад харуулах хэрэгтэй” гэжээ.

Томас Бах ирэх тавдугаар сарын 17-ны өдөр Япон улсад айлчилж, тус улсын ерөнхий сайдтай уулзах бөгөөд Үцүномияа Бахыг Японд ирэх өдөр хүртэл гарын үсэг цуглуулах гэнэ.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах болон Японы талаас олимп, паралимпийн наадмыг хуваарийн дагуу аюулгүй зохион байгуулна гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Мөн өчигдөр/2021.05.06/ “Pfizer Inc.” болон “BioNTech SE.” компаниуд өөрсдийн бүтээсэн Covid-19-ийн вакцинаар олимп болон паралимпийн наадамд оролцох тамирчдыг үнэгүй хангана гэдгээ зарлав.

Токио-2020 зуны олимпийн нээлтээ хийхэд хоёр сар гаруй хугацаа үлдсэн. Гэтэл Токио хотод тавдугаар сарын 11-нийг хүртэл халдварын тоог бууруулах, эмнэлгүүдийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна.

Саяхан Саппоро хотод туршилтын марафон зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коэ оролцсон аж. Себастьян Коэ өмнө нь Лондонгийн олимпийн зохион байгуулах хороог удирдаж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр саяхан айчлалынхаа үеэр Токио хотын захирагч Юрико Коикэтэй уулзаж, олимп зохион байгуулж байсан туршлагаасаа хуваалцсан гэнэ.

Б.МӨНГӨНТАМИР

Сэтгэгдэл
Уншиж байна...