Шуурхай мэдээлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гэрэлт сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэцгээе

Монгол Улсын зургаа дахь удаагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх үеэрээ ард иргэддээ хандан хэлсэн үгийг хүргэж байна:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол" /2021-06-25/

Posted by Ерөнхийлөгч / President deedsiinamidral.mn on Thursday, June 24, 2021

Эгэл жирийн жолоочийн гэр бүлээс гаралтай надад агуа түүхт Монгол төрийг тэргүүлэх хувь заяаг олгож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн ард иргэддээ гүн талархал илэрхийлж байна.

Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь ёс зүйтэй, зөвхөн хуульд захирагддаг хууль, шүүхийн тогтолцоог цогцлоох нь нэн чухал байна. Хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан, шударга төрийг байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.

Байгалийн баялгаа адил тэгш хүртэх нь мөн чухал шаардлага болжээ. Төрийн бодлогыг тодорхойлж, үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэн, эх орноо үйлдвэрлэгч улс болгохын төлөө ажиллана. Ард түмний минь хүсэл тэмүүлэл, төрийн тэргүүн миний байр суурийн үр шимийг манай ард түмэн хүртэнэ гэдэгт итгэж байна. Харин байгалийн баялаг бол дундардаг баялаг, манай ард түмний оюун санаа бол ундардаг баялаг гэдгийг санах хэрэгтэй. Бидний энэ баялаг бол монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархахын үндэс суурь болох юм. Хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм. Иймд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, ёс заншлаа сурталчлах ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллана.

Монголчууд бид эвтэй байхдаа хүчирхэгжиж, хагаралдахдаа доройтож байсныг түүх гэрчилнэ. Миний бие Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн тэргүүн байх болно. Харин монголын ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн эсрэг альваа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно.

Ард иргэд нь аз жаргал, тэгш дүүрэн амьдрах боломжтой хүчирхэг монгол улсыг цогцлоох их үйлсийг эхлүүлж байна. Энэ ажлын эхлэл бол манай улс халамжаас хөдөлмөрт, олборлолтоос үйлдвэрлэлд, импортоос экспортод шилжих явдал юм.

Гагцхүү төрийн хуулийг дээдлэн сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийн оюун ухаан мэдлэг чадвар, дадлага туршлага, хүч чадлаа дайчлан ажиллах болно. Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, төрийн албан хаагчид нь сахилга хариуцлагатай, төр засаг нь тогтвортой, ард иргэд маань ирээдүйдээ итгэлтэй байж, зүрх сэтгэл, итгэл найдвараараа нэгдэн нийлж, бие биенийхээ гараас чанга атган гэрэлт сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэцгээе.

Шинэ зуунд эх орон маань дэлхийн хөгжилтэй улс орнуудын адил хүчирхэгчин хөгжинө гэдэгт төрийн тэргүүн би бат итгэлтэй байна.

 

Сэтгэгдэл
Уншиж байна...