Шуурхай мэдээлнэ

Элчин сайдад нэр дэвшигч Ө.Батбаяр: Монгол Улс дэлхийн зах зээл дээр гарах ёстой. Би үүнд онцгойлон анхаарч ажиллах болно.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газар 25 оронд суух Элчин сайдын нэрийг зөвшилцөхөөр ЕТГ-т хүргүүлсэн бол Ерөнхийлөгчийн тамгын газраас 24 хүний нэрийг УИХ-д өргөн барьсан байна.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: Элчин сайдуудыг томилох асуудал Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байдаг. Сүүлийн жилүүдэд гадаадад сууж байгаа Элчин сайдуудыг эгүүлэн татах, дараагийн Элчин сайдыг томилох асуудал хуулийн хугацаа маш их хэтэрсэн. Хамгийн ихдээ 3.1 жил хугацаа нь хэтэрсэн ажиллаж байна. Тиймээс гадаад харилцааны орчинд үүсээд байгаа зангилааг тайлах шаардлага үүсээд байна. Өнөөдөр 24 нэр дэвшигчийг УИХ-тай зөвшилцөхөөр Ерөнхийлөгч оруулж ирсэн. Нийт орж ирж байгаа Элчин сайдуудын 80 хувь нь мэргэжлийн дипломатч байна. Мөн төрийн тусгай албан ажиллаж байсан таван хүнийг оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Элчин сайд нарыг оруулж ирж байгаа нь сайн байна. Манайх хэдэн Элчин сайдын яамтай билээ. Энд 25 хүн байна уу, цэрэг татлага болж байгаа юм шиг харагдаж байна. Яагаад АН-ын бүлгээр энэ асуудлыг оруулсангүй вэ. АНУ-д ямар хүнийг томилоод байна вэ. Ингэж болохгүй шүү. Намтар түүхийг нь харна шүү. Энэ дотор хар тамхинд орооцолдож байсан хүмүүс байна гэж байна. Энэ ямар хүмүүс байна вэ. Элчин сайд нарыг томилохдоо хаалттай хэлэлцэж баймаар байна.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: АН-ын бүлгээр оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бид асуудлаа хэлэлцэж байгаа хүмүүс. 1-3.1 жил хүртэл Элчин сайдгүй байсан газрууд байна. Зарим нь хугацаа нь хэтэрсэн. Монгол төрийн ажил тасралтгүй явах ёстой. Тиймээс хаврын чуулганд багтаж Элчин сайдуудыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлж байгаа юм. АНУ-д суух Элчин сайдаар Ө.Батбаярыг дэвшүүлж байгаа. Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Өөрөө энэ чиглэлийн мэргэжлийн хүн. Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Элчин сайдын томилгоог цаашдаа хаалттай хэлэлцэх ёстой. Хар тамхитай холбоотой гэж яригдаж байсан зарим нэг хүнийг өргөн мэдүүлээгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 25 хүн байсан нэгийг нь татаад авчихсан юм шиг байна. Энэ бол маш чухал томилгоо. Тэр нам, энэ нам гэхгүй монгол төрд олон жил ажилласан мэргэжлийн хүн олон бий. Ө.Батбаяр гэдэг хүн төрийн албанд гурван жил ажилласан гэж байна. Хаана ажилласан юм бэ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: Ө.Батбаярыг АНУ-д суух Элчин сайдад дэвшүүлж байгаа. Англи, Орос, Япон хэлтэй, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ хүнийг Монгол Улсыг төлөөлж тодорхой үр дүнтэй ажиллана гэж үзэж нэрийг нь дэвшүүлсэн.

АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Ө.Батбаяр: 2019 оноос ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Монгол АНУ маш олон талт харилцаа. Энэ дундаа улс төрийн харилцаа номер нэг байгаа. Би гурван төрлийн зүйл дээр анхааран ажиллана гэж бодож байна. Нэгд, АНУ-д албан тоогоор 30 гаруй, албан бус тоогоор 40 гаруй мянган Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн хоёр, гурав дахь үе бий болсон. Тиймээс Монгол төлөвшил эзэмших, монгол хэл сурах, монгол боловсрол эзэмших нөхцөл байдлыг хангаж ажиллах ёстой. Монгол Улсын Элчин сайдын яам эдгээр иргэдэд эх оронд нь байгаа мэт бодлого явуулах ёстой. Хоёрт, гадаад харилцааг эдийн засагжуулах ёстой. Би ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл бий болгосон, хөгжүүлсэн олон улсын харилцаа, олон тулгуурт бодлогыг дэмжин, үргэлжлүүлэн ажиллана. Гуравт, Монголын дотоодын бизнес эрхлэгчдийн экспортыг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Монгол Улс дэлхийн зах зээл дээр гарах ёстой. Би үүнд онцгойлон анхаарч ажиллах болно.

Сэтгэгдэл
Уншиж байна...